Хайгаад үзээрэй... Олдоно

Loading...

Saturday, November 18, 2006

Баяртай инээд...

Гурван өдрийн өмнө манай ажил дээр охиноо дагуулсан, сугандаа ороож хуйлсан зүйл сугавчилсан нэг ах орж ирлээ. Өөрийгөө танилцуулж мэнд усаа мэдэлцсэний дараа надад хандаж өөрийнхөө хэрэг зорилгыг хэлье ажилд чин саад болоогүй биз гэж надаас асуулаа. Тэр ахыг суугаад ярилцая гэж хэлээд сандал руу зааж дараа нь юуны тухай юм бол гэж бодлоо. Яг тэр үед янз бүрийн тус дэм болооч гэж зовлонгоо ярьж явдаг хүмүүсийн нэг нь юм болов уу гэж бодсоноо хэлье. Тэр ах хуйлж боосон арьсан дээр сийлж зурсан 3 зургаа үзүүлж хэрхэн бүтээсэнээ, зураг дээрх деталь болгоноо ямар билэгдэлтэй болох, утга учир болгоныг нь тайлбарлаж байх зуур тухайн зураг болгонд ямар их хүч хөдөлмөр шингэснийг нь харж ойлгож байв. Нэг зураг нь эвийн билэгдэл болсон Тумбаш буюу эвтэй дөрвөн амьтаныг бумбын орны олбогон дээр залжээ. Мөнхөд төгсгөлгүй үргэжлэх түмэн наст хээг цохиж товойлгон суурь хийж өгсөнөө өөрөө надад тайлбарлаж хэлж байгаа нь энэ хүн лав хүний хийсэн юмыг зараад явдаг хүн биш байхаа гэх бодлыг төрүүлсэн юм. Чулуун будгаар будсан гэх юм. Арилдаггүй юм гэнээ. Хуруугаа норгож байгаад зүлгэлээ жаахан будаг болж байна. Удах тусмаа цааш нь шингэж бэхжээд сайхан болноо гэж байна.

Дараачийн зураг нь “Их нүүдэл”. Та бүхэн санаж байгаа бол 500,1000–тын мөнгөн дэвсгэртийн ард байдаг гэр тэрэгний зураг. Гэхдээ тэрэн дээр дутуу байдаг зүйлийг нэмж тусгасан гэж байна. Тухайлбал хатны гэр тэрэг. Мөн гэр тэрэгний модон дугуйг даган гүйж шанагаар тос хийж явдаг байсан хүүхдүүдийг тусгажээ. Одоогийнхоор техникийн “товуд” юм уу даа. Өмнө нь Чингис хааныг морь унан хөлөг баатруудтайгаа алсыг заан ярилцан яваагаар сийлжээ. Сийлэх гэснээс арьсан дээр сийлэх гэдэг нь маш чимхлүүр ажил гэнэ. Арьсаа цааш нь цоолохгүйгээр хээг сийлнэ гэдэг нүд, гарын мэдрэмж шаардсан ажил юм байна.Үүлний, газрын, хад, бутны хээг нааш нь товойлгон хийсэн нь нарийн юмаа.

Бас нэг зураг нь Өгөөдэй хааны Хархорум-д дэлхийн улсуудаас урьж бас олзолж авч ирсэн урчуудаар хийлгэсэн Мөнгөн модон оргилуур ажээ. Бас л 5000, 10000-тын мөнгөн дэвсгэр дээр байдаг. Чулуун хана, мод, цаад хааны асар зэрэг нь гарт мэдрэгдэж байнаа. Зарим хүнд хэлвэл энгийн л байдаг нэг зураг, бүтээл ш дээ гэж хэлэх байх даа. Гэтэл тэр хүн миний хийсэн олон бүтээл гадаадынхан 200-500$-р аваад явдаг байсан. Одоо би бүтээлээ гадагш нь гаргахгүй. Миний юм бүтээх чадал дундархад үүнийг би хийсэн юмаа гээд хүмүүст зааж өгөөд явж байх нь хүсэл минь байнаа. Эмч намайг удаан юм хийж болохгүй гэсэн гээд нүдээ үзүүлж байна. Би чамд өөрийн олон хоног суусан хөдөлмөрөө үнэлэхгүйгээр зөвхөн материалын үнээр нь заръя гэж хэллээ.

Би тэр Тумбаш-тай зургийг лав л дор хаяж 10-аад хоног хийх байх гэж бодож байлаа. Мөн дээрээс нь өөрийнхөө нүд, гараа чилээн байж суусанаа яагаад энэ хүн үнэлэхгүй байгаа нь сонин санагдаад байсан юм. Гэхдээ би тэр хүний хэлсэн үнэ-нд нь биш, хийсэн бүтээлийнх нь сайханд нь биш (байдаг л нэг зураг л даа) түүнийг хийхэд нэлээн хөлс хүч, гол нь цаг хугацаа зарцуулсан даа гэж бодоод дотроо авчихдаг ч юм уу гэж бодож байсан юм. Ах нь одоо жаргалын найман морийг яг эх загвараар нь хийж байгаа (эх загвар нь Үндэсний түүхийн музейд байдаг юм гэнэ) гээд надад жижигхэн зураг үзүүллээ. Сарын дараа дууснаа тэгэхээр нь авч ирж үзүүлж болноо гэж хэлсэн. Тэгээд би Тумбаш-г чинь авъя гээд хэлсэн мөнгийг нь өгсөн. Тиймэрхүү зураг дэлгүүрүүдээр лав л 3-4 дахин үнэтэй байдаг байхаа. Зарим нь ч арьсан дээр зүгээр л будгаар зурсан байгаа байх аа.

Яагаад та ийм олон хоног зарцуулсан бүтээлээ ингэж хямд зарах гээд байгаа юм бэ? гэж би асуусан. Тэр ах охин луугаа харснаа өнөөдөр охины маань төрсөн өдөр болоод мөнгө хэрэгтэй болоод байнаа гээд охин руугаа харж миний охин хэд хүрч байгаа билээ гэж асуухад охин нь 9 гэж хэлсэн.

За тэгээд баярлалаа, дараа ирж шинэ зургаа үзүүлнээ гээд баяртай энэ тэр болсны дараа гадаа коридорт аав охин 2-ын баярласан инээд хоорондоо тоглоод инээлдээд гарч байгаа нь сонсогдсон юм. Тэр охины инээд одоо ч гэсэн надад сонсогдож байна. Би өмнө нь тийм зураг энэ тэр юмс зараад явдаг хүмүүсийг харж л байсан л даа. Гэхдээ тэдний буруу нь юу байхав дээ. Гэм нь хараажийн муу юмыг бас өндөр үнэ хүргэх гээд байдаг шүү.

Тэр ах гадуур зургаа зараад явдаг хүний нэг байж болох ч би шууд тэгж ч бас бодож чадахгүй байна. Ямар ч байлаа гэсэн би аав охин 2-т жаахан ч гэсэн тус болсон юм байна шүү дээ гэж өөрийгөө зөвтгөж, урамшаад байна. Аав охин 2-г баярлуулсанаа блогтоо тэмдэглэхгүй бол санаа минь амрахгүй нээ. Би баяртай байнаа. Магадгүй би тийм зургийг тэрнээс ч гоё зургийг дэлгүүрээс авсан бол лав ингэж баярлахгүй байсан байхаа гэж бодогдоод байгаа.

3 сэтгэгдэл:

Хишгээ said...

and mini chi zuv yum hiijee. bi ch gesen chinii orond baisan bol tegeh baisan

Баянаа said...

За баярлалаа. Уншаад сэтгэгдэл үлдээсэнд чинь баярлаж байна. Хүн жаахан юмнаас л урамшдаг юм байнаа. Би гэдэг хүн бусдынхаа блогийг уншаад сэтгэгдлээ үлдээдэггүй муухай хүн юм байнаа гэж өөрийгөө зэмлэж байна. Үүнээс хойш гэмээ заснаа.

baynaa said...

Чиний өмнөөс би өөрөө тэр хүнийг баярлуулчихсан юм шиг сайхан санагдаж байна. Амидаа чинь.