Хайгаад үзээрэй... Олдоно

Loading...

Monday, August 09, 2010

Удахгүй Сэлэнгэ рүү аялнаа.

За даа өөрийн блогтоо гар хүрэх битгий хэл нээж ч харахгүй хэдэн өвөл, хавар, зун, намрыг ардаа оруулжээ. Бусад хүмүүс яасан бол гэсэн чинь хэвээрээ бичиж байцгаанаа... гэхдээ хурд нь саарсан юм шиг... үүнийг би зарим зүйлтэй холбож дараа нэг блогтоо хэдэн мөр тэмдэглэнээ. Энэ блогчдын хажууд би хэн билээ дээ... зүгээр уншигч шүү дээ. :) Удахгүй Сэлэнгэ рүү аялах аялалыг зохион байгуулах даалгаврыг авсан байгаа. Тэгээд нөхөд рүү уриалж, уруу татах зорилгоор бичсэн и-мэйлээ энд оруулчий гэж бодлоо.

Тун удахгүй ирэх
Баасан гариг буюу VIII/13-15 өдрүүдэд Капиталын зуны аялалыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгалийн үзэсгэлэнт газар, дээхэн үед дарга сайд нар очиж амарч, ан гөрөө хийдэг байсан сайхан нутаг руу хийх гэж байна. Аялалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЕНБД Б.Мөнхнаран илүү тодорхой болгож удахгүй хүргүүлэх байх. Энэ аялалын маршруттай танилцана уу. Энэ удаагийн аялалыг гишүүд нэлээн сонирхож байгаа бөгөөд идэвхтэй оролцох байх гэж үзэж байна.

Урьд жилүүдийн аялалыг сонирхуулвал:
  • 2006 онд Өмнөговь аймаг руу ПАЗ (ПАУЗ гэж нэрлэвэл зохих ч байх) автобустай маш сайхан аялалыг хийсэн. Одоо ч тэр автобусыг тээврийн товчоон дээрээс харж болох байх шүү. Яривал нэлээн урт и-мэйл болох тул тэр үеийн авч байсан байгалийн зургуудыг эвлүүлсэн видеог харна уу. Аялалын зургийг удахгүй оруулнаа. Капиталын нэлээдгүй зурагнууд байдаг ч тухайн үед зарим гишүүдэд өгч, авалцаж байгаагүй... сүүлд шинээр орсон гишүүд маань тэр бүр мэдэхгүй. хараагүй байгаа. Эдгээрийг нэг заваараа нэт-рүү хуулюу гэж санаад байна. Тэр үед энэ аялалыг зургуудыг сонирхоорой.
  • 2007 онд бидний 11 гишүүд (тухайн үед 11 шонхорууд гэж дуудагдаж байлаа) Хэнтийн нурууны үргэжлэл уулуудын дунд байрлах Хагийн хар нуур руу явганаар аялж байлаа. Энэ аялал багагүй зориг тэвчээр, хатуужлыг шаардсан хүнд аялал болж байсан. Үнэхээр амар байгаагүй. Шонхорууд маань хэлэх байх. Аялалын зургийг үзээд бас нэгийг бодох бий. Гэхдээ зорьж алхаж очоод нуурын эрэг дээр амарч байсан... буцаад унаагүй болсон үедээ хадланчдын гал дээр очоод баярлаж байсан шиг сэтгэгдэл болоод мэдрэмжийг миний хувьд одоо мэдэрч чадаагүй л байна. Тэр үеийн аялалын талаар Хүрлээгийн оруулж байсан мэдээ, одоо ч гэсэн бичиж байгаа сэтгэгдлүүдийг уншиж сонирхоорой.
  • 2008 онд Богд уулын ноён оргил Цэцээ гүний оройд гарах аялалыг хийж байлаа. Сэрдамбыг мөнгө, Бадар-Ууганы алтан медаль авахыг Цэцээ гүний оргил дээрээс гар утсаар шууд сонсож, хамтдаа төрийн дууллаа дуулж байсан азтай хүмүүс биднээс өөр байгаагүй ээ. Кевин маань энэ талаар одоо ч хүртэл 'Би ч өөрийгөө азтай гэж тооцдог. Гэхдээ тэнд зөндөөн монголчууд байсан... гэтэл та нар шиг азтай хүмүүс өөр хаана ч алга' гэж хэлдэг. Энэ зургуудыг ч гэсэн удахгүй үзээрэй.
  • 2009 онд Хэнтий аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Гурван голын бэлчир хэмээх сайхан нутаг руу машаанаар аялж байсан. Ажилтай байгаад явж чадаагүй болохоор зурагуудыг хараад бас явсан хүмүүсийн яриаг сонсоод битүүхэндээ атаархдаг юм.
Өнөө жил Сэлэнгийн Хүдэр рүү явах аялалд заавал явах болноо. Дэгээтэй нь дэгээгээ, буутай нь буугаа, майхантай нь майханаа аваад ажлын алжаалаа тайлж сайхан сэргээд ирцгээе ээ.

Friday, December 28, 2007

HAPPY NEW YEAR 2008

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай

Wednesday, December 19, 2007

АРДЧИЛАЛ...

АРДЧИЛАЛ гэсэн үгийн утгыг тайлбар толиос дараа нэг харъя байз. Саяхан болсон Ардчилсан холбооны 18 жилийн ойд зориулсан видеод үнэхээр дажгүй илэрхийлсэн байнаа. Хэлэх нэг ондоо байнаа. Аа гэхдээ бодох юм их байгаа шүү дээ. Хүсэж байсан эрх чөлөөндөө одоо хүртэл хүрсэн үү гэдэгт хувийн зүгээс жаахан эргэлзэж байдаг юмаа.

Saturday, November 24, 2007

Гадаа цас орж байна.

Гадаа цас орж байна. Энэ өвлийн шинэхэн цас. Өглөө гэрээс гараад ажил руу явж байхад бүх юм өөр болсон мэт, шив шинэ болсон юм шиг, толгой дотор эргэлдэх олон бараан бодол арилсан мэт санагдах юм. Энэ цасанд учир байна уу?...

Би цас их унасан ойд жаахан ч гэсэн алхмаар санагдаад байгаа юм. Өвлийн ойд очиж байгаагүй л дээ. Тэр агшныг хальсанд буулгаж авах юмсан гэж бодогдоод байгаа. Заавал явнаа.

...Удахгүй шинэ жил болно. Өнгөрсөн шинэ жилээр найзууддаа хүргэж байсан мэндчилгээгээ холбочихлоо. Шинэ жил тэгээд өвлийн улирал хамгийн гоё нь юм уу даа...

Saturday, September 29, 2007

24 цагийн цэрэг



"24-цаг" гээд үйл ажиллагаа Капитал Жэй Си- ийн маань уламжлалт ажлын нэг болоод 3 дахь удаагаа явагдах гэж байна. Тун удахгүй бид 24 цагийн цэрэгт явна. Нэг хоногийн хугацаанд цэргийн амьдралаар амьдарнаа гэдэг үнэхээр сайхан юм билээ. Өнгөрсөн жилийн зургуудаас эвлүүлснээ тавилаа.

Saturday, July 28, 2007

Өмнийн говиор аялахуйд

Ноднин Capital JC -ийнхэн маань Өмнөговь руу аялал хийсэн юм. Зарим нэг зургуудийг эвлүүлж нөхөддөө стрестсэн үедээ үзэж бай гэснийгээ блогтоо тавьчихяа. Энэ удаа бид Хагийн хар нуур руу явганаар аялна. Үзэж, харах зүйл бишгүй л байгаа байхаа гэж бодож сууна.

Monday, July 16, 2007

Наадам хэр болов? Нэг сайхан ярилцая л даа.

Наадмын талаар дараа уулзахдаа нэг сайхан ярьж болох боловч БЛОГ-оороо бүүр сайханаар яримаар санагдаад...

За найзуудаа. Наадмаар яажшүүхэн баярлав даа. Нээг сайхан ярилцая л даа.

БӨХ: Барилдаж ноцолдсон хүн байна уу? Эсвэл дэмжиж тэтгэсэн хүн байна уу? Энд цолны найраа хэрхэн хийсэн талаараа нээг сайхан яриач. Миний хувьд цэнгэлдэхэд угаасаа УВС гэхээр ойлгомжтой Гантогтох, Ганбат, Одгэрэл...Бямбажав гээд хэдээ дэмжээд л хувцасныхаа захыг мушгиад суулаа. Бардаггүй ээ дээ. Хатуухан хэлэхэд бяр нь дууссан уу? тоолдог дууссан уу? бүү мэд ... буянаараа л болог. цаана нь өчнөөн сайхан залуучууд байна даг. Ер нь нутгийнханаа дэмжиж хардаг нь монголын ёс болоод байгаа биз дээ. За тэгээд бусад нутгийн том цолтонгууд адилдаа адилдаа. Сайхан барилдаан үзэхэд тэр жилийн хийморь сэргэх шиг болдог. Энэ жил харин ч дэмий харж суулаа. За тэгээд Өсөхөө ч ёстой харин гүрийдэг этгээд байна шүү. Миний мэдэхийн энэ жилтэйгээ нийлээд 3 дахиа начны даваанд ойчоод гүрийж байна. Энэ жил яагаад ч цэнгэлдэхэд байгаа багаар бодоход 20000 ширхэг нүдийг, тэр олон камерийг гүрийгээд дийлсэнгүй дээ гэж. Сумьяа бол Өсөхөөгөө бөгсөөрөө унасанаас хойш аль хэдийн далай аваргын тэмдэг зүүгээд нисэж яваад нэг сайхан залууд Заан өгч буян боллоо доо. Их аварга дүүгээсээ сурах юм ч их байна даа. Түрүүлсэн Мөнхбаатар Арслан цолондоо эзэн болоод явах байхаа гээд найдаж байна. Харахад бяртай сайхан залуу л байна лээ. Ямар барилдаж үзсэн биш дээ ч гэх шиг. хэхэ. Начин болсон 7,8 залуучуудын хэд нь үнэн хүчээрээ давсаныг бурханаас асуугаад ч хэлж таашгүй. Учир нь үнэн хүчийг үзүүлээд давсан байлаа ч хэдэн саяыг хаясан бол гэж өөрөөсөө эхлэж асууна. Дараа хажуудахаасаа асууна. Цаашлаад уулзсанаасаа асууна. Начны даваанд өөрийн хүчээрээ давсан ч өмнө нь 3,4-ийн даваанд өгсөн байж таарсан байвал яах уу? гэж. За ямартаа ч монгол бөх энэ хэдэн цолтонгуудаар дуусахгүйгээс хойш шинэ залуу үе гарч ирэхээ зарлаад сануулаад байгааг дэмжин хүлээж авах нь зүйтэй байхаа.

МОРЬ: Уясан хурдан буян тань хэдээр давхив аа? Уяач нөхөд хэн хэн байна аа? Үүнийгээ нэг сайхан зарлаач... Миний хувьд морийг бол зурагтаар үзээд түрүүлж ирж байгааг нь хараад хамрын самсаагаа шархируулж суулаа. Тоосонд очиж даруулж шороо царайлмаар санагдавч ирж очих замын түгжрээнээс халшраад болчихлоо. Элдэв будилаангүй сайхан уралдлаа гэх. Гэсэн чинь бас хэдэн ажнай замдаа эндсэн бол гээд хэрэгт дурлаад ... Даага гэсэн чинь эхээсээ өндөр биетэй эрлийзүүд уралдаж байнаа. Буруу зөвийг нь та нар хэл дээ. Би моринд дуртай л даа. Багадаа 3 жил наадмын морь унаж байлаа. Бас уяж байлаа. Яг одоо бол учиргүй мэддэг юм шиг яриж бас чадахгүй тул та үргэлжлүүлээд бичээрэй.

СУР:
Харваж намнадаг хүмүүс байна уу? Зурагтаар харж байхад баатрын хувцастай харваач нар байна лээ. Зүгээр санагдсан шүү. Харин сүүлийн хасааг цэнгэлдэхэд харвуулахад үзэж байгаа хүмүүс байсан уу? Нээх их тоохгүй байх шиг санагдсан. За тэгээд та өөрөө үргэлжлүүлээд бичихээ мэднэ шүү дэ.

ХУУШУУР: Наадамдах гэж цэнгэлдэхийг нэг тойроод хуушуур идээд харихыг хэлдэг гэж төрийн томчуудаас эхлээд яриад байх юм. За юу л бол? гэж боддог байлаа. Үнэхээр хуушуурнаас өөр идэх юм алга доо. Тэр тусмаа шороотой, тоостой нь идэх бүүр янзтай. Яалт ч үгүй. Та байсан бол бас л тэгнэ дээ. Яаж зогсож байгаад идэхэв дээ? гээд арай соёлтойгоор идэе гэвэл сахиж сууж байгаад сандлаа хувааж байгаад ч хамаагүй идэх нь сайхан байлаа гэж. Миний бодлоор хэрвээ болдогсон бол цэнгэлдэхийн гаднахыг компани, хүмүүст өгмөөр байна. Тэд зүлэгжүүлэг дээр үйлчилгээ явуулаг. Эцсийн дүндээ гэр бүлээрээ очоод сайхан зүлгэн дээр суугаад ямар ч хамаагүй хуушуур идээд харьж л байвал. Хамгийн чухал нь үлээхийн төдийх салхинд боссон шороо нь нөгөө гоёоод очсон улсуудын маань хувцас байг ээ, сайхан наадам үзье гэсэн сэтгэлийг шороогоор дарахгүй болчвол уу?

ЖУУЛЧИД: Гаднаас жуулчид авч ирж байгаа компаниуд тэдэндээ хэлмээр юумаа? Хаанаас, хаагуур яваад ирсэн нь мэдэгдэхгүй хэдэн улсуудад манай наадамд ядаж хиргүй хувцастайгаа очих остой гэдгийг хэлмээр байна. Монгол хүн баяр наадамдаа бие, сэтгэл, хувцасаа бэлдээд очдог. Тэгвэл ноохой, хиртэй хувцастай хэдэн баагйи хажууд чинь суугаад байвал яах уу?

Дэнж байтугай дэлхийг хотойлгомоор монгол наадмынхаа талаар нээг сайхан ярилцая л даа. Тэгэх үү аан?